top of page
Паахүү

4 Уулын Хишиг аялал

Үүрийн шиврээ бороогоор УДБЭТ-ын зогсоол дээр 4 машин бүхий 45 хүн гүн нойроо хугаслан байж ирсэн нь амаргүй том зорилгоо биелүүлж, өөрсдийгөө сорихоор ирсэн аялагчид. Энэ удаагын аяллын гол зорилго бол нийслэл Улаанбаатар хотоо тойрон оршдог тахилгат 4 хайрханыхаа оргилд 1 өдөр багтаж гарах юм. Үүндээ хүрэхийн тулд бид үүрийн 4 цагт аяллаа эхлүүлж байгаа төдийгүй зуны адаг сарын нохой өдрийн буюу өнөөдрийн мандах нарыг Баянзүрх хайрханы оргил дээрээсээ харахаар мөн зорилоо. Аялагчид маань цагтаа цуглан хотын төвөөс шууд л цаг даран замаа эхлүүлэв. Үүрийн гэгээтэй уралдсаар хайрхан уулынхаа бэлд буюу ТХГН-ын захиргаанаас тохижуулан засварласан машины зогсоолд хүрэн бууцгаав. Энэ өдрийн нар 5:28 минутанд мандах ба алхалтаа эхлэхийн өмнө аялагчиддаа бяцхан танилцуулга хийж, нэгдсэн тоогоо аваад алхалтаа эхлүүлцгээв. Нийслэл хотын хүн ам унтаж байх цаг дор бид эртлэн босч зорилгоороо нэгдэн, биеийн болоод сэтгэл зүйн хөрөнгө оруулалт өөрөө өөртөө хийж яваа аялагчдаараа бахархмаар. Ойролцоогоор 30 минут алхан оргилд гарч ирэхэд үгээр хэлэхийн аргагүй байгалийн гоо үзэсгэлэн биднийг угтаж авлаа. Энэ юу вэ гэвэл урд шөнийн орсон шиврээ борооны хүйтэн, чийглэг агаар мандах нарны цацрагын дулаан агаартай сүлэлдэн манан үүсгэж бидний өлмийд дэвсжээ. Цаг агаар бидэнд мандах нарыг харуулаагүй ч түүнээс гайхалтай ховорхон агшныг дүрсэнд буулгах боломжийг өгсөн юм. Ингээд аялагчиддаа уулын олон эргэн тойрны мэдээллийг хүргээд, хамт олны зургандаа 1 ороод бууцгаав. Бүгд бууж дуусаад машиндаа хуваагдан сууж замаа үргэлжлүүлэв. Бидний дараагын оргил бол Богдхан уулын оргил болох Цэцээ гүн оргил билээ. Хонхорыг нэвт туулж, Төр хурахын амыг өгссөөр машины зам дуусах нь алхалтын зам эхлэхийг илтгэнэ. 4 хайрханы дундаас алхалтын зам нь хамгийн урт буюу бид 8,5 км талдаа алхах билээ. Шаардлагатай мэдээллийг аялагчиддаа хүргээд цуваанд орон алхалтаа эхлүүлцгээв. Зохион байгуулалттай алхсаар амжилттай буюу 100% хүний бүрэлдэхүүнээрээ оргилдоо гарч ирлээ. Уулынхаа тухай мэдээллийг хүргээд, багынханаа хооронд нь танилцуулах үйл ажиллагаагаар хөтөлбөр үргэлжлэв. Үүнтэй зэрэгцэн аялагч бүр боолтын хоолоо гарган үдийн цайгаа Богдхан уулынхаа оргил дээр зооглов. Бидний алхалтын хөтөлбөр зорилгодоо тулгуурласан багахан шахуу хуваарьтай учир их удалгүй бууцгаалаа. Аялалд маань анхлан алхагчаас эхлээд уулын спортын мастер, хэт холын зайн марафоны тамирчин хүртэл буюу бүх зэрэглэлийн алхагч аялагч оролцсон тул алхалтын хурд болон зохион байгуулалтыг маш дундаж хэмжээнд барихыг хичээлээ. Гэсэн ч зарим аялагчдыг маань хөлийн шөрмөсний асуудалд унагаж орхисон нь уулын зам амаргүйг илтгэх мэт. Хэдий тийм боловч өөртөө итгэх итгэл, хөдлөшгүй зорилгодоо хөтлөгдөн гарч ирсэн гишүүд маань амжилттай замаа дуусгасан нь маш баярламаар шүү. Замаараа дэлгүүр орон хөнгөн идэх зүйл базаагаад дараагын хайрхан болох Сонгино хайрхан уулыг зорилоо. Замаараа хүни нүд хужирлахуйц нуур болох Хунт нуур гэгдэх хүний үйл ажиллагаанаас үүссэн залуу нуураар өнгөрнө. Тэнд усны шувууд цөөнгүй байх ба хотод хамгийн ойр усны шувуудын зураг дарж болох газар юм. Ингээд чадварлаг жолооч нарын ачаар бидний аялал ном журмын дагуу үргэлжилсээр хайрханы бэлд ирлээ. Алхалтын хувцас хэрэгсэлээ бэлдээд шууд л авиралтаа эхэллээ. 3 дахь авиралт тул аялагчид маань яах ийхээ аль хэдийнэ мэдсэн бололтой. 1 цагын хугацаанд авираад бууж ирсэн ба оргил дээр мөн л байгаль хосгүй сайхан төрхөө бидэнд харуулж, өнгө төрхөө засчээ. Би ч уул болон орчны талаар мэдээллээ өгөөд зураг авалтандаа орж амжлаа. Одоо бидэнд сүүлийн уул үлдсэн буюу Чингэлтэй хайрхан уулынхаа оргил дээрээс 8:26 цагт шингэх нарыг харах төлөвлөгөөтэй билээ. Энэ үед жолоочдын ур чадвар, туршлага харагдах учиртай. Юу вэ гэвэл бид хотын замын хөдөлгөөн дундуур оролцон явж хүрэх учир замын түгжрэл болон гэрлэн дохио, төмөр зам гэх мэт цаг удаашруулах зүйлс мундахгүй. Бид төлөвлөсөн цагаасаа багахан хоцорч яваа ч жолоочид маань бидний зорилгийг биелүүлэхэд гар бие оролцож байгаа нь биднийг цагт маань амжуулан зорин очих цэгт минь хүргэх юм. Ингээд бид сүлжин, эргэлдэн давхисаар нар жаргахаас даруй 20хон минутын өмнө ирлээ. Нар жаргах тун дөхсөн учир та нарын сайн таних шүдээрээ хүнд машин механизм чирдэг буюу түүнийгээ хөгжүүлэн дэлхийн рекорд эвдэхээр зорьж яваа мундаг ах Ц.Гантулга ахын хамт бид 2 камер барин уулын оргил руу түрүүлээд гүйлээ. Үүний учир бол мэдээж нар жаргах торгон агшныг хальсанд буулгах юм. Гүйсээр, алхсаар явсны хүчинд жаргах нарны хөдөлгөөнийг буулгаж чадав. Бидний араас үлдсэн аялагчид маань алхаж гарч ирэн оргилд зургаа даран баталгаажуулснаар бидний аяллын зорилго 98%-д хүрлээ. Нар шингэсэн учир үзэгдэх орчин хязгаарлагдахаас өмнө гэж яаравчлан буцаад бууцгаав. Машиндаа бүгд ирэн хуваагдаж суугаад аялал анх эхэлсэн газар руугаа буцацгаалаа. Ийнхүү аяллын зорилго болон хөтөлбөр 100% хэрэгжин, бүх аялагчид маань зорилгодоо хүрлээ. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдгээр аялагчдынхаа баярын харцнаас урамшин, өөрөө баярлан зогсоно. Оройны 10 цагт ийнхүү аялал дуусч баярын оргилуун дарс буудуулан аялал албан ёсоор дууссаныг мэдэгдэнэ. Дараагын аялал болон зорилгодоо хамтдаа нэгдэхийн ерөөл өргөөд бидний аялал гэр гэрийн зүгт хөдөллөө. Хамтдаа аялсан, зорилгодоо хүрсэн хүчирхэг аялагчиддаа дахин баяр хүргэмээр байна. Дараагын аялалд хамтдаа. Баяртай.

Илүү их зургийг зургийн цомгоос үзнэ үү.


27 views0 comments

Commentaires


bottom of page