top of page
Паахүү

Их Богд 2020

2020 оны 06 сарын 12-14 нд Говьалтайн нурууны ноён оргил Их Богд уул руугаа 2 дахь удаагаа бараалхалаа.

Улаанбаатраас үүрийн 4 цагт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг цугларан аяллын гараагаа эхлүүлэв. Хувьтай хүн хур борооноор гэдгээр энэ шөнө бороо орж эхэллээ. Клубын тэргүүн Дархижав ах бидний аяллын алтан шар замыг өлзийтэй байхыг ерөөгөөд гаргаж өгөв. Урд шөнө нойр дутуу хоносон бид замдаа гараад л зарим нь шууд унтав аа гэж. Энэхүү авиралтыг Хоризон аяллын клубтэй хамтран хийж дөрөө харшуулж байгаа билээ. Ингээд 2 пургон хойно урдаа гаран давхих замд дугуй хагарах багахан асуудал үүссэн ч туршлагатай жолоочуудын ачаар төдийлөн их саатсангүй. Өвөрхангай аймагт үдийн хоолоо идэн цааш Монгол түмний "Морины их шүтээн" үзэж сонирхоод, цааш Нарийнтээл сум, Баянхонгорын Жинст сум, Хүүхний хавцал гэж салхи татуулан хөндлөн давхисаар гэгээ арай тасраагүй байхад бид хоноглох газраа буюу Баянхонгор аймгийн Баянговь сумын харъяа Их Богд уулын нэгэн ам болох Бага Жаргалантын аманд үндсэн отогоо байгуулан байрлав. Эрчүүд нь нүд ирмэхийн төдийд тэгш газар сонгон майхнаа бариад, эмэгтэйчүүд маань майхан барих төдийд л амтат сайхан шөлтэй хоолыг пор хийлгэв. Ингээд ачаа бараагаа эмхлэн маргааш өглөөний авиралтандаа бэлтгээд амарцгаав. Миний бие аяллын багийг ахлаж яваа учир Батзориг\Хоризон аяллын клубын тэргүүн\ ахтай хуралдан тохиролцож, өглөө хэд гэж авиралтаа эхлэх болон бусад хэрэгтэй зүйлсээ яриад, гишүүддээ танилцуулаад амарцгаав. Цаг агаар тун сайхан байсан тул өглөө 7 цагт босон авиралтын зөвлөгөөг уулчин бүр нухацтай сонсоод авиралтаа эхлэв. Их Богд уул нь Монгол улсад өндөр авалтаараа 1-рт ордог хүндхэн уул билээ. Мөн чулуулгын хувьд асар их асга хадтай учир авиралт маань амаргүй болно гэдгийг хүн бүр дотроо мэдэж байлаа. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй авиралт хийсэн ба 6 цаг 40 минутын турш авиралт хийж багаараа амжилттай гарч чадлаа. Замд хэд хэдэн гишүүдэд өндрийн өөрчлөлт өгөх асуудал гарсан ч хашир туршлагатай ахлагчийн буянаар асуудлыг хөнгөхөн шийдвэрлэж чадсан юм. Оргилд гарахад цаг агаар тийм сайхан цаг агаартай байдгийг цөөнгүй уул хадаар авирч үзсэн би ч гайхахаар сайхан байлаа. Уул хангайдаа баярлан сүсэглэж мөргөөд, бүгд оргилдоо амжилттай бараалхаснаа баталгаажуулаад бууцгаав. Уулын авиралт гэдэг маш их өндөр зохион байгуулалттай, хатуу дэг журамтай хийгддэг аялал. Тиймдээ ч хүн бүр хүссэн оргилдоо байнга гараад байдаггүй. Тиймдээ ч уулчид маань сэтгэл ханамж өндөртэй буццагаалаа. 5 цагын турш буухад зарцуулна гэдэг мөн багагүй хугацаа. Ингээд багахан ядраад ирсэн уулчид шуудхан л хорхогоо хийж идэхээр яарцгаав. Гэтэл бид отог дээрээ иртэл 2 таагүй мэдээ сонссон нь 1. машин маань тос алдан зогссон ба жолооч оношыг нь тодруулахаар ажиллаж байлаа 2. жолооч машинаа шалгаж яваах замдаа машин дээр байрлуулсан махаа мартан хөдлөж бидний хоолны мах хаягдсан байлаа. Аялалд юу ч тохиолдож болно, тэр бүгэдтэй дасан зохицож, ухаалгаар гаргалгаа гаргах хэрэгтэй гэж захьдаг байсан ахмад аялагчдын үг толгойд буув. Ингээд гаргалгаа гаргах хэрэгтэй болсон тул би хотоос нөөцөлж авсан байсан 1 удаагын хоолны борц гаргаж ирэхэд манай багынхан ийм л мундаг ахлагч хэмээцгээн намайгаа багахан хөөргөнө. Ингэж алжаасан ходоодондоо оройн амтат хоол залгуулж, баярлацгаав. Өнөөдөр багахан ядарч, ирээд бас асуудал үүссэн ч гол зорилгоо биелүүлээд ирсэн бид 2 клубээрээ хамтран ширээ тойрон сууж багахан хөөрөлдөөд амжив. Үүний дараа манай клубынхэн майхныхаа урд жижигхэн түүдэг асаан тойрч суун аяны богцоо задлаж, аяллын халуун яриа өрнүүлэн хэсэг үргэлжлүүлэв. Цаг ч орой болж, тэнгэр одоор дүүрсэн нь бидний амрах цаг болсныг сануулна. Ингээд амарцгааж өглөөний ээлжний хүн "Хоолдондоо" гэсэн цангинасан хоолойгоор бид сэрэв. Энэ бидний аяллын 3 дахь өдөр. Өглөө босоход жолооч маань машинаа зассан гэсэн гэгээлэг мэдээтэйгээр эхлүүлэв. Өглөөний хөнгөхөн цайгаа уусны дараа майхнаа хурааж, отогоо цэвэрлээд аяны зам буцахаар бэлдэцгээв. Ирсэн замаараа сурсан дуугаа дуулан давхисаар нийт 1600 орчим км явж Улаанбаатар хотдоо ирлээ. 22-ын товчоо дөнгөж орж ирэхэд бидний гэр бүл болсон Мазаалай клубын гишүүд халуун цай, амтат цуйтантай угтан авсан нь бидний аяллын нэгэн баярлах, эргэн дурсах зүйл юм. Ингээд аялал эхэлсэн газартаа бууцгааснаар бидний аялал амжилттай өндөрлөлөө. Дараа дараагын аялалд энэхүү нийтлэлийг уншиж байгаа таныг хамрагдана гэдэгт найдаж байна.



14 views0 comments

Recent Posts

See All

Opmerkingen


bottom of page