Таягийн үндсэн үүрэг нь алхалтын үед биеийн доод хэсгийн булчингийн ачааллыг хөнгөлөх, жигд тараах явдал юм. Хос таяг аялагчын хөл, нуруунд ирэх аяааллыг гарын бугуй, тохой, мөрөнд шилжүүлдэг. Үүнээс гадна тулгуур цэг 2-оор нэмэгдсэнээр алхалтын замын хазгай болон халтиргаатай замд тэнцвэрийг нэмэгдүүлнэ. Гол горхи гатлах, хад чулуун дээгүүр үсрэх, уулын уруу буухад түшигтэй, унаж бүдрэхгүй, шагайгаа булгалж гэмтээхгүй, ядаж л аалзны шүлсэн торыг авч хаях гэх мэт олон зүйлийн ашиг тустай. Эвхэгдэж хэмжээг тааруулахаар зохион бүтээгдсэн нь нэгдүгээрт өөрийн өндөрт тохирсон хэмжээг сонгох, хоёрдугаарт аяллын замд өгсүүр уруугаас шалтгаалж таягныхаа уртыг тааруулах боломжтой болгосон. Олон удаагын судалгааны үр дүнд таягыг уруу газар илүү их ашигладаг нь тогтоогджээ. 3 сунадаг таягын дундаж урт 60-140 см байдаг. Таягийг сонгохдоо тэгш газар зогсоод гараа урагш сунган таягаа барихад мөрний үүсгэх өнцөг 90 хэм байхаар сонгоно. Өгсүүр газар таягийг богиносгож, уруу газар эсрэгээр уртасгадаг. Тэгш газарт алхахдаа таяг хэрэглэхэд хүнд үүргэвчтэй үеийн аяааллыг илт багасгаж, алхах хурд болон замын туулах чадварыг нэмэгдүүлдэг. Зүрхний түвшнээс дээш таягаа барьж алхахад цусны эргэлт сайжирч зүрхний агшилтын давтамж багасдаг. Ингэж жигд хэмнэлтэй алхахад амьсгаа тогтвортой болж биеийн тэсвэрлэх чадвар сайжирна. Доктор G. Neureuther-ийн судалгаанаас үзэхэд таяг барьж алхахад таягтай гарын эсрэг талын хөлд ирэх ачаалал ойролцоогоор 20% багасдаг ажээ. Мөн тэгш газар алхахад биеийн жин бас үүргэвчний жингийн хөл дээр тээж яваа ачааллыг алхам тутамд 5кг, харин уул өөд алхахад 8кг хөнгөвчилдөг гэнэ. Энэ нь хос таягтай алхахад хэдэн тонн ачаа хөнгөвчилж чаддаг гэсэн үг юм. Гар үргэлж хөдөлгөөнтэй байгаа учраас гарт цус хуралдаж халуунд гар хөөж хавагнахгүй сайн талтай аж. Харин зам зуур юм идэх, хөлсөө арчих, зураг авах, луужин унших зэрэгт тээр болох ба аялагчид их явдаг зам, жимийн өнгөн хөрсийг сийчих зэрэг сул талтай. Таяг бол зөвхөн алхах үед дэмтэйгээр зогсохгүй асар майхан барих үед ч хэрэг болдог. Сүүлийн үед хос таяг ашиглан барих боломжтой асар, сүүдрэвч бүтээгдсэн байдаг. Онцгой тохиолдолд хос таяг ашиглан дамнуурга хийж аврах ажиллагаанд ч ашиглаж болдог ба цасан нурангийн аюултай бүсэд цасны гүн хэмжигч, тэмдэг тэмдэглэгээ болгон ашиглаж болдог. Эцэст нь хамгийн ойр зуурын хэрэглээ болох тугны иш, самар жимсгэнэ модноос унагах, өөрийн зураг авах үед иш болгон хэрэглэсэн ч болдог.
Паахүү
Таяг хэрэглэж сурах шалтгаан
Updated: Jan 6, 2020
Comments