top of page
Паахүү

Өндөр уулын авирагчдын зөвлөгөөнүүд

1. Эмч, уулчин Л. Баярсайхан: Уулын спорт өөрөө үзэгчгүй спорт гэж явдаг. Тэр ууланд чамайг хэн ч харахгүй, хэн ч сонсохгүй, тэнд зөвхөн чи л байгальтай ба өөрөө өөртэйгөө тэмцэж, өөрийгөө ялж байж оргил өөд гарна. Оргилд гарсан гэсэн ганц баталгаа бол оргил дээр байх үедээ хийсэн дүрс бичлэг ба зураг, GPS тэмдэглэл болдог. Миний Эверестийн оргил дээр авч байсан Garmin GPS дээр 8880 метр гэсэн тэмдэглэлтэй болсон.

2. ОУХМ Ж. Бямбасүрэн: Надаас хүмүүс "Уулан дээр гараад яах вэ, тэнд юу байдаг вэ" гэж маш их асуудаг. Мэдээж тэнд юу ч байхгүй. Гэхдээ маш гоё үзэсгэлэнг олж хардаг. Эверестэд авирахын тулд бүтэн 2 сар авирч байж гарна. Оргил дээр их удлаа гэхэд л 30 минут болно. Ерөөсөө тэр 30 минутын төлөө л бүхэл бүтэн 2 сарыг зарцуулж байгаа юм. Амь насаа золиосолж байгаа ч гэж хэлж болно. Гэхдээ ууланд авирах дур сонирхолтой болсон хүний хувьд оргил дээр 2 хөлөөрөө гишгэх нь хэзээ ч амсахгүй аз жаргалыг мэдрүүлдэг.

3. МУГТ Г. Өсөхбаяр: Хотоос урагшаа Богд ууланд явган алхах, мөс цастай ууланд авиралт хийх хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Ялангуяа мөсөн голтой ууланд авирна гэдэг маш их эрсдэлийг дагуулж байдаг. Яахав манай Монголчуудад 1 давуу чанар байдаг. Маш эрч хүчтэй, тэвчээртэй. Харамсалтай нь үүнийгээ буруу ашигладаг. Гадныхан бол ууланд гарахаар төлөвлөвөл дүрэм журмынх нь дагуу олон хоног, сар сургалтад хамрагдаж, хувийн бэлтгэлээ хангадаг. Харин манайхан бол шууд л өнөөдөр шийдээд маргааш явчихдаг байх жишээтэй. Энэ нь наад зах нь эрүүл мэндээрэй хохирч үлдэх хор уршигтай. Нэгэнт алдсан эрүүл мэндийг хэзээ ч нөхөж авч чадахгүй шүү дээ. Цаашлаад амь насаараа хохирох аюулыг дагуулж байдаг.

4. Seven summiteer”-ийн эзэн Б.Гангаамаа: Хүүхэд анх сургуульд ороод цагаан толгой сурч эхэлдэг шиг уулчин болохын тулд ч “А” үсгээс нь эхлэх хэрэгтэй. Сүүлийн үед “А”-гаас нь биш дундаас нь ороод том том уул руу яваад байгаа хүмүүс олон байна. Гэхдээ аливаа зүйлийг суръя, амжилт гаргая гэж бодвол “А”-гаас нь эхлэх нь зүйтэй болов уу. Уулчдын хувьд “А” үсэг гэдэг нь онол, суурь мэдэгдэхүүнийг хэлж байгаа юм. Мэдээж багаж, техник хэрэгслүүдтэйгээ ч сайн танилцах хэрэгтэй. Ингэснээр та ирээдүйд алдаа бага гаргана гэсэн үг. Тэгэхгүйгээр цүл, пал хийгээд шууд давхиад орчихвол зөндөө бүдэрнэ, алдаа их гаргана. Алдаа их гаргах нь зорилгоосоо холдож байгаатай адил. Ялангуяа уулын спорт хүнээс асар их тэвчээр, хөлс хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр цаг хугацаа нь улам сунжирч, зорилгоосоо холдчихно.

5. 74 настай ахмад уулчин Эверэстийн 8000 м өндөрт гарсан Т.Гүррагчаа: Олон жилийн туршлага дээрээ үндэслэн харахад өндөр ууланд авирахад монгол хүний биед юу дутагддаг вэ гэдгийг өөрийн бие дээр судалж байгаад л хоолоо зохионо. Өндөр уулруу явахдаа шагайн чинээ шар ааруул авч явна. Хүлхээд явж байхад ам цангахгүй, хоолны дутагдал болохгүй. Шинэ хонины махаар шууз хийж авч яваад хааяа нэг шөл хийж ууна. Ингэж тамир тэнхээгээ сэлбэж, биеийн хий хуйгаа дардаг юм. Мөн сарлагийн борцоо аваад явчихна. Бас халтар арвайн гурил, баруун Ховдын хөхүүрийн айрагны шар тос, зөгийн бал, элсэн чихэр, чацарганы тосыг хооронд нь холиод тэмээний хорголын чинээ үрэл болгочихдог. Түүнийгээ шөнөдөө хүлхээд хононо. Энэ бүгд л аминд орно доо.



5 views0 comments

Comentarios


bottom of page