2019 оны 7 сарын 5-аас 14 хүртэл үргэлжилсэн бидний аяллын гол зорилго бол Монголын хамгийн өндөр цэг болох Алтайн уулсын ноён оргил Хүйтэн(ДТД 4374м) оргилд авиралт хийх байлаа. Мазаалай аяллын клубын 9 гишүүн Хаан хаякинг клубын авирагчдын хамтаар хамтарсан авиралтыг амжилттай хийсэн. Энэхүү авиралтын онцлог нь Монголын уулын спортын нэгэн том рекорд эвдэгдсэн явдал юм. Урьд нь тэрхүү хамгийн өндөр цэг дээр гарсан хамгийн залуу уулчин нь 12 настай эрэгтэй хүүхэд байсан бол бидэнтэй авиралт гүйцэтгэсэн охин бол 9 настай охин байсан юм. Ингэснээр бид энэхүү рекордын гэрч болсоноороо бахархууштай.
Уулын хувьд мөнх цаст уул учир бүрэн техник хэрэгсэл шаардсан, биеийн болоод сэтгэл санааны тэсвэр тэвчээр шаардсан авиралт байсан. Бид 7 сарын 10ны өглөө уулын оргилд бараалхсан ба мөн цаг агаарын хувьд цасан шуурга болж байсан. Дараах зөвлөгөөг уншихыг хүсье.
-Аяллын багаж хэрэгсэл, техникийг бүрэн хангаж явах
-Аяллын багын ахлагчын заавар зөвлөгөөг сайтар дагаж, гэрээ байгуулах
-Өлгий хүртэл авто замаар зорчсоноос, агаарын тээврээр зорчвол тохиромжтой
-Авиралт эхлэхийн өмнө аялагчдын биеийн болоод сэтгэл санааны байдлыг маш сайн шалгаж, аяллын ахлагч заавар зөвлөгөө өгөх
-Өндөр уулын бүсэд цаг агаарын байдал тогтворгүй байдаг учир маш сайн тооцоолох
-GPS, луужин зэрэг аюулгүй байдлын хэрэглэгдэхүүнийг сайтар базаах
-Ачааны их байдлаас илүү аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарах
-Аялж буй орчноо цэвэр байлган, эко аяллыг дэмжиж аялах
-Хил орчмыг бүсэд аялал хийж байгаа тул шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлээрэй
-Мэргэжлийн түвшний авиралт учир багыг туршлагатай, тодорхой авиралтын чадвар эзэмшсэн, авиралтын шаардлага хангасан хүмүүсээр багаа бүрдүүлээрэй
-Биеийн болоод сэтгэл зүйн бэлтгэлийг удьдчилсан хэлбэрээр сайтар хийх
-Хувцасыг үүрэг зориулалтынх нь дагуу зөв сонгох
Comments