top of page
Паахүү

Хаврын өдрийн алхалт 2020

Хаврын урин орж, цас мөс хайлахаас өмнөхөн амжиж агаарлалаа. Хүмүүс хотоос холгүй яваад үзчих ямар газар байдаг талаар маш их асуудаг. Тэгвэл бидний явсан энэ маршрут үнэхээр супер шүү.

Эхлээд та хотын баруун хаяанд байрлах Хунт нуур, Ногоон нуур хэмээх усны шувуу ихээр цугладаг 2 нуурыг үзэх боломжтой. Та хамгийн эртдээ 3 сарын 15 орчимд тийшээ зоривол олон төрлийн ангир, жижиг шувууд мөн хун харж чадах болно. Ингээд та нуураар зургаа татуулж, шувууд харж чадсан бол ойрхон орших Сонгино хайрхан уул руу алхалт хийх боломжтой цаг үлдэнэ. Хэрэв та Сонгино хайрхан уулыг зорих гэж байгаа бол оргилынхоо урдаас алхвал харьцангуй урт болон хүндэвтэр замаар алхалт хийж оргилд гарна, харин хойноос нь алхвал та 1 км ч хүрэхгүй газраар хөнгөн алхалт хийгээд оргилд гарах боломжтой.

Сонгино хайрхан уулын тухай:

Улаанбаатар хотын баруун талд Туул голын хойд биед орших далайн төвшнөөс дээш 1662 метр өндөр, тахилгатай, хад асгатай, хайлаас харганатай уул. Гурван шовх оргил нь алсаас сүр бараатай харагддаг. Галт хар үнэг байдаг тул өвөл цасгүйгээр хар өвөлждөг хэмээх домогтой. Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамцын айлдсанаар Сонгинохайрхан уул нь сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг бэлгэдэлтэй хөх үхэр унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн сахиустай хэмээн айлдсан. Заримдаа цэргийн ноёны дүрд хувирдаг шидтэй өвгөн хэмээнэ.

Өөр нэгэн домгоор бол, Чингис хаан энэ ууланд явж байтал арслан архирах чимээ гарч, хад асга нуран, их эзний өлмийд нэгэн том уулын сонгино өнхрөн ирж тогтсоноор уг уулыг Сонгинохайрхан хэмээн нэрийдсэн гэдэг. Хүрээний айл өрхүүд эртнээс нааш Сонгинохайрхан ууланд идээ цайныхаа дээжийг өргөн, хүслээ даатгаж иржээ.

Түүхийн эрдэмтэн доктор Наваан хайрханы өвөрт байх булшнаас сумын зэв, дуут товруу, алтан чимэг бүхий бүс олсон байдаг. Хайрханы өвөр бэлээр урсах Туул голын дагуу “бургасан сүргийнхэн” хэмээгдэх хэсэг айл амь зуудаг байсан ба бургасан хана, араг савар, уурганы үзүүр, тэмээ, хайнаг, сарлагны дөр мод хийж худалдаалдаг байжээ.

Хүрээний дөрвөн уулын дундаас хамгийн догшин хайрхан хэмээгддэг тул ан амьтад, тарвага зурманд нь ч хүрдэггүй байсан гэдэг. Морин уулын гацаа хэмээх газарт нь 1915 онд Богд хаант Монгол улсын үед Оросын хаант засгийн хувийн малын эмч нартай 25 жилийн гэрээ хийж Түшээт хаан, Засагт хаан, Цэцэн хаан аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх эм бэлдмэлийн үйлдвэр байгуулах гэрээний дагуу Монголд анх удаа хувийн Оросын мал эмнэлгийн эм бэлдмэлийн үйлдвэр байгуулсан түүхтэй. Эмийн үйлдвэрийн туурь нь Био комбинатын гүүрний хойно Туул голын захад хэсэгхэн товгор газарт байдаг. Бөхөг Түргэний голын сав газарт тариа ногоо тарьж байсан ба энэ хоёр гол нийлэх уулзвараас дээхнэ Сонгинохайрхан уулын баруун үзүүр хавьд Туул голын дэнж дээр хуучин хотын туурь байдаг. Үүнийг Монголын нууц товчоонд хэд хэдэн удаа дурьдсан Хэрэйдийн Ван хан Тоорил зусдаг байсан Туулын хар шугуй дахь Доод нийслэлийн туурь хэмээн үздэг.


7 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page