top of page
Паахүү

Хусны шүүс уух аялал

2020.04.25

Энэ үе хэдий хорио цээрийн үе боловч Мазаалай клубын гишүүдээрээ буюу цөөхөн хүний бүрэлдэхүүнтэйгээр Төв аймгийн Баян-чандмань сумын ойролцоо руу хусны шүүс уух аялалд явцгаалаа. Хаврын улиралд хамгийн их хуурайшилттай байдаг тул бид маш болгоомжтой аялсан. УБ хотоос тохирсон цагтаа 5 машинтай ойолцоогоор 25 хүний бүрэлдэхүүнтэй хөдөллөө. Гэрийн хорионд байгаа хүмүүс удаан бие биетэйгээ уулзаагүй тул маш олон хол ойрын мэдээ солилцож явлаа. Ингээд зорьсон газартаа очиж, энэхүү аяллыг зохион байгуулсан Шүхэрбаяр ахынхаа мэдээлэл зөвлөгөөг авцгаагаад хүн бүр гартаа 1 жижиг усны сав, 1 дуслын системний тасархай барин мод мод хэсч, шүүстэй байгаа эсэхийг шалгаж явсаар даруй 30-40 минут өнгөрлөө. Ингээд би 6 мод шалгасны эцэст шүүс гаргаж авсандаа баярлаад савандаа тосох биш, шууд л сортол олигтой гарч өгдөггүй ээ. Тэгээд бусдыгаа ажиглаж байж сая нэг ойлгов. Тэр ойлгосон зүйл маань хусны дотор халгиж цалгиж байдаг шүүс гэж байдаггүй, харин шим шүлтээс нь л урсаж гардаг тул саваа тосоод удаан хүлээх шаардлагатай гэдэг байлаа. Ингээд саваа хийсгэхгүй тосож орхиод хоол унд эргүүлж, бөмбөг хөзөр тоглож яваад 2 цаг орчмын дараа ирэхэд дөнгөж 2 балаг л шүүс гарсан байхыг хараад сэтгэл дүүрээгүй ч, 2 балаг шүүс маань их амттай, биед ашигаа өгч чадахуйц байсанд нь баярлаж байлаа. Мэдээж шүүсээ гаргаж уусны дараа модонд гаргасан нүхээ 100% байгалийн аргаар буюу нарийн модны мөчрөөр шаантаглан бөглөж, шүүс алдахааргүй болгож орхисон нь бидний нэгэн шинэ хичээл байлаа. Ингээд зорилгоо нэгэнт биелүүлсэн багынхан маань машиныхаа дууг чангалж тавиад УБ хотоо зорилоо.

Хус модны талаар бяцхан мэдээлэл:

Монгол орны навчит модны дотроос хамгийн их тархацтай бөгөөд нийт 12 зүйл хус ургадаг. Ойн нөөцийн 20 орчим хувийг эзэлдэг байна. 13-18 метр өндөр ургаж, 50-60 жил насалдаг. Навч нь өргөн, өндгөрхүү, захаараа хөрөө шиг жижиг шүдлэг хэлбэртэй. Холтос нь цагаан, үйсний дотор тал нь хүрэн улаан өнгөтэй. Хавар болохоор хүмүүс ядаргаагаа тайлах, үе мөчний өвчнөө анагаах, бөөр давсагныхаа нянг устгах зорилгоор хусыг нүхлэн сав суулга дүүжлэн 5-10 литр хүртэл шүүсийг нь юүлж авдаг. Хусны шүүсийг авч хэрэглэхдээ хадаас юмуу өрмөөр цоолоод гуурс хийж авч хэрэглэнэ. Авсны дараа модон шаантагаар таглах хэрэгтэй. 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 5-ын хооронд авах бөгөөд 1 модноос 10 литрээс илүү авч болохгүй. Хусны шүүсийг хонуулж болдоггүй бөгөөд өдөрт нь уух ёстой байдаг. Хонуулчихвал тунадас үүсээд хэрэгтэй чанараа алддаг байна. Хус мод навчнууддаа шүүсээ эрчтэйгээр дээш урсган өгдөг онцлогтой. Хэдийгээр хусны шүүс хүний биед хэрэгтэй ч авч буй хүмүүсийн ухамсар доройгоос болж хус мод шүүс чийггүй болж хатаж өгөршин 50, 60 жил наслах нь битгий хэл 20 жил ч хүрэхгүй үхдэг байна. Хүмүүс хусны шүүсийг авахдаа өрөмдөж биш өөр бусад муйхар аргаар нүхэлдэг, буцааж тагладаггүй, таарч тохирсон таглаа хийхгүй завсар зай гаргадагаас болж чийгээ гадагш алдан сүйрдэг байна. Өөр бас нэгэн шалтгаан нь сүүлийн үед хятад савхны хэрэглээ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр хус мод үй олноороо байхгүй болж байна.



39 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page